Menu

Камерын систем сонгохдоо...< буцах

Ажиглалт, хяналтын хэрэгцээ танд гарч байна уу? 
Тэгвэл та юуны түрүүнд хяналтын камерын системийн талаар товч, тодорхой ойлголттой байх хэрэгтэй. Тодорхой ойлголт таныг ашиггүй, хэрэггүй, шаардлага хангахгүй бараа авахаас сэргийлнэ. Хяналтын камерын систем нь камер, бичигч төхөөрөмж, хатуу диск буюу HDD, дүрсний утас, тэжээлийн утас, сүлжээний утас болон бусад дагалдах хэрэгслээс бүрддэг. Та хаана, ямар хэмжээтэй талбайд, юуг харж хянах гэж байгаагаа эхлээд сайтар бодож төлөвлө. Дараа нь ямар камер сонгох вэ гэдгээ гарга. Зарим хүн хямд камер гэж асуучихаад нягт дүрслэлтэй камер авах гэж зүтгэдэг. Мэдээж сайн камер чинь өөрийн гэсэн үнэ өртөгтэй, үзүүлэлттэй. Мөн ихэнх хүмүүс камер л бол камер гэсэн ойлголттой байдгаас баталгаагүй, үзүүлэлт багатай камерыг хямд үнээр авсандаа баярлах хандлагатай байдаг. Бодит байдал дээр тэдгээр камерын насжилт бага, үзүүлэлт тогтворгүй байдаг нь нотлогдсон. 

Аналоги камерын талаар товчхон
Ажиглалт хяналтын камерын үүсэл бол аналоги камераас эхтэй. Мэдээж ТВ-ийн болон бидний мэдэх WEBCAM-аас ч ажиглалтын камер эхтэй гэж үздэг. Аналоги камерыг хүмүүс муу гэдэг. Технологийн эхлэл гэдэг утгаараа үзүүлэлт бага байсан байж болно. Энэ нь яваандаа хөгжиж FULL HD болон IP буюу сүлжээний камер бий болоход гол суурь болж өгсөн юм. Аналог камерыг суурилуулахдаа оновчтой талбайд, зайн хэмжээг нь зөв хэмжиж, өнцөг чигийг нь сайн тохируулж чадвал муу эд биш харин ч өртөг багатай, хадгалах хугацаа урттай, бат бөх сайхан эд болохыг та мэдрэнэ. Тодорхой жишээ гэвэл хүмүүс өнөөг хүртэл аналоги камерыг амьдрал ахуйдаа өргөнөөр хэрэглэсээр л байгаа. 

Аналоги HD камер
Энэ төрлийн камер нь энгийн аналог камераас дүрсний нягтралаараа эрс сайжирч ялгарсан. 1 мега пикселээс 2 мега пиксел хүртэл хөгжиж байгаа. Энэ технологийг хэрэглэхэд бас л энгийн. Уламжлалт энгийн аналоги камерын системээс дүрсний нягтралаараа, хол татах зайгаараа хавьгүй илүү болсон. Coaxial кабель буюу аналог камерын дүрсний утас 200метр /стандарт/ татаж болдог байсан бол Аналог HD нь 500 метрт /стандарт/ татсан ч дүрс, дуугаа унагалгүй дамжуулдаг болж хөгжжээ. Та хуучин аналоги камерын монтажаа өөрчлөлгүйгээр камер болон бичигчээ л солиод боллоо.

IP буюу Сүлжээний камер /Network Camera/
Ийм камерыг сүүлийн үед маш ихээр хэрэглэдэг болсон. Учир нь үнийн хувьд өндөр ч гэлээ чанарын хувьд өндөр. Дүрсний нягтрал, үзүүлэлт нь үргэлж сайжрах боломжтой. Сүлжээг зохион байгуулж маш оновчтой монтажийн шийдэл гаргахад нэн тохиромжтойгоос гадна CMOS, SONY чипүүдийг суулгасан байна. Дэлхийд өргөн дэлгэр хэрэглэдэг энэ камер нь 1 мега пикселээс 5 мега пиксел зарим үйлдвэрлэгч компаниуд 10mp хүртэл дүрсний нягтрал үзүүлэх камеруудыг хийжээ. 1 mp = 1280x720, /720р/ гэж, 1.3 mp = 1280x960, /960р/ 2 mp = 1920x1080, /1080р/, 3 mp = 2048x1536 гэх зэргээр 4к хүртэл гарсан. 


Камеруудын ажиллах хэм
Дэлхийн хамгийн хүйтэн оронд хэрэглэж болох камерыг үйлдвэрлэгч компаниуд өрсөлдөн бүтээж байна. Одоогийн байдлаар -40 хэмийн хүйтэнд тэсвэртэй камеруудыг үйлдвэрлэжээ. Мөн үйлдвэрийн зориулалттай камерууд нь тусгай материалаар хийгддэг тул -120 хэмээс + 160 хэмийн халуунд тэсвэртэйгээр хийдэг байна. Дотрын камерын ажиллах хэм нь -15 хэмд ажиллахаар хийгджээ. 

Дурангийн тухайд товчхон
Камеранд дуран бий. Утгагүй өгүүлбэрээр эхэлсэн ч энэ нь маш чухал. Дурангийн үзүүлэлт нь 2.8мм - 100мм хүртлэх дуран бий. Дурангийн тоон хэмжээ багасах тусам фокусын зай ойртож байдаг бол тоон хэмжээ ихсэх тусам фокусын зай холдож зорилтот харах чиг нарийсаж, алслагдаж байдаг. Ийм л учраас зарим хүн камераа буруу сонгочихоод харах юм аа харахгүй байна гэж ундууцах нь олонтаа. 

2.8 мм-ийн дурантай бол харах өнцөг 90 хэм
3.6 мм-ийн дурантай бол харах өнцөг 74 хэм
4 мм-ийн дурантай бол харах өнцөг 70 хэм
6 мм-ийн дурантай бол харах өнцөг 50 хэм
8 мм-ийн дурантай бол харах өнцөг 40 хэм
12 м-ийн дурантай бол харах өнцөг 30 хэм

< буцах

Data too long for column 'client' at row 1